
Уурхайчид эрсэн эрдэнэсээ олж, "эзэнт гүрнийхээ" шавыг тавив
"Эрдэнэтийн Уурхайчид" баг үндэсний дээд лигийн аварга боллоо
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолтууд өчигдөр/2023.04.16/ “UG” аренад боллоо. Улирлын эхэнд таамаглаж байсны дагуу Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч ялагдалгүй, төвөггүйхэн аварга болж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын анхны эздээр тодроод зогсохгүй багийнхаа түүхэн дэх анхны түрүүг хүртэв. Цаасан дээрх хүчирхэг багууд бүтэлгүйтэж байсан гадаад, дотоодын бишгүй л олон жишээ бий. Харин Уурхайчид бичигдсэн үлгэр шиг эхнээсээ онцгойрсоор амар сайхандаа жаргалаа.
Ерөнхийлөгчийн цом гэдэг утгаараа төрийн тэргүүн У.Хүрэлсүх "UG" аренад хүрэлцэн ирж, өөрийн биеэр аварга болсон багт цомыг нь гардуулсан юм. Түүнийг ирсэнд үзэгч, хөгжөөн дэмжигчид янз бүрээр хандаж байлаа.
Өнгөрсөн улирал финалд Хасын Хүлэгүүд багт бараа сураггүй хожигдож байсан тэд зун, намрыг зүгээр сууж, өнгөрүүлсэнгүй. Грек дасгалжуулагч Василис Фрагкиас багаа дагуулан Европд бэлтгэл хийж, удирдлагууд нь бүрэлдэхүүнээ зузаатгах тал дээр гар татсангүй. Финалд шалгарсан Т.Санчир, Н.Золжаргал, А.Бямбадоржтой баг дээр О.Энхбаатар, Г.Баттөр нар нэмэгдэнэ гэдэг нөсөр нөлөө үзүүлэх нь дамжиггүй байсан. Мөн Г.Болор-Эрдэнийг Металлаас авчирч, ахтай нь нийлүүлсэн нь зөв нүүдэл байжээ. Ах, дүү хоёр улирлын турш багийнхаа довтолгоог зохион байгуулж, бөмбөг бүрийн төлөө зүтгэж байгаа харагдсан.